Энэхүү тайлангаар 2023 оны 10 дугаар сар болон 2024 оны 12 дугаар сард тус тус зохион байгуулагдсан Монгол Улсын усны салбарын Үндэсний хэмжээний хэлэлцүүлгээс гарсан гол үр дүнг толилуулан харуулж байгаа болно. Уг хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын усны салбар дахь өсөн нэмэгдэж буй усны эрэлттэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэхэд орших бөгөөд үүний тулд дараах чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
Бодлогын тэргүүлэх чиглэл, үүнд устай холбоотой хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн хэсгүүд хамаарна,
Санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэх, санхүүжилтийн чадавхыг сайжруулах боломжууд,
Бодлогын тэргүүлэх чиглэл, санхүүжилтийн стратеги ба чадавхтай уялдсан технологи, инноваци.
Усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлэг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны бүрэн хяналт дор зохион байгуулагдсан. Түүнчлэн Азийн усны зөвлөл (АУЗ) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын холбогдох мэргэжилтнүүдийн баг бүрэлдэхүүн уг хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд энэхүү тайланг боловсруулсан болно. Энэ тайланд судалгааны материалуудтай танилцах, холбогдох төрийн байгууллагуудын дунд асуумж явуулж бөглүүлэх, семинар, вебинар, оролцогч талуудын ярилцлага, зорилтот бүлгийн уулзалт, хэлэлцүүлэг зэргээс гарсан гол дүгнэлт, үр дүнгүүдийг хамтад нь нэгтгэн харуулав. Улсын хэмжээнд оролцогч талуудын оролцоог сайтар хангаж өгсөн нь энэхүү хэлэлцүүлгийг бодитой үр дүнтэй болгосон.
Даян дэлхий усны бодлогын эрс шинэчлэлт хийх зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай тулгараад байгаа бөгөөд усны салбарын тулгамдсан бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжгүй юм. Энэ нь Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудал бөгөөд үүнд усны салбарын бодлого, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт хамаарна (II Бүлэг). Улсын хэмжээнд усны эрэлт өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2024 он гэхэд, магадгүй түүнээс ч өмнө ус хангамж, нийлүүлэлтээс давж гарах болов уу гэсэн прогноз, тамааглал бий. Үүнээс гадна газрын доорх усны уст давхарга шавхагдах, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол зэрэг хүчин зүйлийн улмаас усны нөөцөд дарамт, ачаалал үүсэх болсон. Нийслэл хот гэх мэт хот, суурин газар, Өмнийн говь гэх мэт үйлдвэрийн бүс нутаг, малын бэлчээрийн бүс нутаг, ХАА, үйлдвэрлэл, эрчим хүчний барилга байгууламж төлөвлөсөн бүс нутгуудад усны эрэлт өндөр бөгөөд усны хомсдол улам нэмэгдэх төлөвтэй.
Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс хэлэлцүүлгийг усны эрэлтийн менежментийн сэдвийн хүрээнд голлон чиглүүлсэн бөгөөд усны хүртээмжийг сайжруулах, усны эрэлтийн менежмент хэрэгжүүлэх (II Бүлэг), усны салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт татах стратеги (III Бүлэг), усны мэдээллийн технологи, хүний нөөцийг сайжруулах (IV Бүлэг) чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулан гаргав.
Монгол Улсын усны салбарын Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг цаашид идэвхтэй өрнүүлэх зорилгоор энэхүү тайлангаас гаргасан гол зөвлөмжүүдийг Хавсралт А-д тусгасан Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хамтад нь авч үзсэн болно.